Швейцарын хариуцлагатай алт холбоо (Swiss Better Gold – SBG), Монголбанк болон Аргор-Хэраус хариуцлагатай алтны нийлүүлэлтийн чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагаагаа бэхжүүлэв
Монгол Улсаас Швейцар Улсын зах зээлд хариуцлагатай, гарал үүсэл нь баталгаажсан алтны нийлүүлэлтийг өргөжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Улаанбаатар / Таннай, 2026 оны 9 дүгээр сарын 28 – Swiss Better Gold (SBG), Монголбанк болон Швейцарын үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр Аргор-Хэраус компани Монгол Улсаас Швейцар Улсын зах зээлд хариуцлагатай, гарал үүсэл нь баталгаажсан алтны нийлүүлэлтийн сүлжээг цаашид хөгжүүлэх зорилгоор гурван жилийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээ нь гурван талын хамтран 2025 оны 6 дугаар сард эхлүүлсэн туршилтын төслийн үргэлжлэл бөгөөд хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлж байна. Гэрээний хүрээнд Монголын алт үйлдвэрлэгчдийн Swiss Better Gold хөтөлбөрт хамрагдах оролцоог үе шаттайгаар нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийлүүлэлтийн сүлжээний хэмжээнд гарал үүслийн тогтолцоо, магадлан шинжилгээ, байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) хариуцлагатай практикийг бэхжүүлэхийг зорьж байна.
Бичил уурхай болон жижиг оврын алт үйлдвэрлэгчдийн хувьд олон улсын хариуцлагатай нийлүүлэлтийн шаардлагыг хангах нь үйл ажиллагаагаа албажуулах, алтны гарал үүсэл болон нийлүүлэлтийн сүлжээг баримтжуулах, мөн олборлолтын үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулахыг шаарддаг. Swiss Better Gold хөтөлбөрөөр дамжуулан оролцогч үйлдвэрлэгчид эдгээр шаардлагад нийцэхэд шаардлагатай арга зүйн туслалцаа, дэмжлэг авч, хариуцлагатай олон улсын зах зээлд нэвтрэх боломж олгож, түүнчлэн нийгэм, байгаль орчны төслүүдийг хамтран санхүүжүүлэх боломжтой урамшууллын тогтолцоонд хамрагддаг.
Энэхүү гэрээ нь туршилтын төслийн эхлэлээс хойш гарсан томоохон ахиц дэвшлийн үргэлжлэл юм. 2026 оны 5 дугаар сард Swiss Better Gold болон Монголбанкны хамтарсан багууд Төв, Булган, Сэлэнгэ аймаг дахь тусгай зөвшөөрөлтэй уурхайн үйл ажиллагаа болон дотоодын алтны нийлүүлэлтийн сүлжээний гол оролцогч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан. Одоогийн байдлаар таван уурхайн үйл ажиллагаа хөтөлбөрт хамрагдан магадлан итгэмжлэл авах чиглэлд ахицтай ажиллаж байгаа бол бусад үйлдвэрлэгчид ч мөн оролцох сонирхлоо илэрхийлээд байна.
Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа нь 2026 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 1-ний хооронд Монгол Улсад зохион байгуулагдсан ажлын үеэр болсон бөгөөд уг арга хэмжээнд Swiss Better Gold, Аргор-Хэраус, Монголбанк, Швейцарын хариуцлагатай хөрөнгө оруулалтын компани de Pury Pictet Turrettini & Cie SA, мөн Лондонгийн үнэт металлын холбоо (LBMA)-ны зөвлөхүүдийн төлөөлөл оролцсон юм. Энэхүү ажлын хүрээнд уурхайн талбай дээр биечлэн айлчилж, Монголын алтны нийлүүлэлтийн сүлжээний олборлогчид болон бусад оролцогч талуудын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцсон байна.
Хамтын ажиллагаа нь Монгол Улсын алт худалдан авах тогтолцооны онцлогт мөн тулгуурлаж байна. Монголбанк нь дотоодын алтны зах зээлд алт худалдан авалтын төв байр суурь эзэлдэг бол Аргор-Хэраус компани сүүлийн арван жилийн хугацаанд Монголын алтыг Швейцарт цэвэршүүлж ирсэн. Энэхүү тогтсон нийлүүлэлтийн сүлжээнд хариуцлагатай нийлүүлэлт болон гарал үүслийн тогтолцоог бэхжүүлснээр Монголын илүү олон үйлдвэрлэгчийг олон улсын хариуцлагатай алтны зах зээлтэй холбох боломж бүрдэж байна.
Швейцарын хариуцлагатай алт холбооны Гүйцэтгэх захирал Диана Кулиллас:
“Колумб болон Перу дахь бидний туршлагаас харахад Swiss Better Gold загварыг Монголын нөхцөл байдалд амжилттай нутагшуулах боломжтой. Энэхүү гэрээ нь Монголын түншүүдийн хүчтэй оролцоо, тууштай байдлыг илэрхийлэхийн зэрэгцээ улам олон үйлдвэрлэгчийг хариуцлагатай, гарал үүсэл нь баталгаажсан нийлүүлэлтийн сүлжээнд үе шаттайгаар нэгтгэх бат бөх үндэс суурийг бүрдүүлж байна.”
Гурван жилийн хугацаатай энэхүү гэрээгээр талууд амжилттай хэрэгжсэн туршилтын төслийг өргөжүүлэн, өргөн хүрээнд хэрэгжих боломжтой урт хугацааны тогтолцоог бий болгохыг зорьж байна. Орон нутгийн байгууллагуудын оролцоо, техникийн дэмжлэг болон олон улсын хариуцлагатай зах зээлд нэвтрэх боломжийг хослуулснаар энэхүү хамтын ажиллагаа нь уул уурхай бүхий орон нутгийн иргэдэд тогтвортой үр өгөөж бий болгохын зэрэгцээ дэлхийн алтны салбарт өсөн нэмэгдэж буй ил тод байдал, хариуцлагатай нийлүүлэлтийг бий болгоход хувь нэмэр оруулах юм.
Мэдээний талаар лавлах бол: [email protected]